Нийслэлийн шүүх: Шийдвэр Шийдвэр 2011 он Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

ШИЙДВЭР

2011 оны 01  сарын  11               Дугаар  90                                  Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч   Ц.Алтанцэцэг, Ц.Түмэндэлгэр нарын бүрэлдхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч  Чингэлтэй дүүргийн 1-р хороонд байрлах, Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит компаний /ТӨК/ нэхэмжлэлтэй,

хариуцагч Чингэлтэй дүүргийн 3-р хороонд байрлах Экспресс зам ХХК, хариуцагч Чингэлтэй дүүргийн 1-р хороо,  Нийслэлийн авто замын газар

/НАЗГ/-т холбогдох  гэм хорын хохиролд 8.065.000 төгрөг нэхэмжилсэн хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч  Т.Амгаланжаргалан, Н.Анхбаяр,  хариуцагчийн төлөөлөгч Б.Батэрдэнэ, гэрч П.Гэрэлтцэцэг, иргэдийн төлөөлөгч Ж.Гүнсмаа,  нарийн бичгийн даргад А.Түвшинзаяа   нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч түүний төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Экспресс зам ХХК нь Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутаг дэвсгэр Самбуугийн гудамжны авто замын тусгаарлах ногоон байгууламжид борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил хийхдээ   2010.8.13-ний өдөр тус газрын Кабель шугамын 32-р тасгийн хүрээний кабель шугамын байгууламжийг гэмтээсэн байсан. Тухайн угсралтын ажлын зурагт манай компанийн Хотын сүлжээний газрын Шугам кабель бүртгэл төлөвлөлтийн тасгаас холбооны байгууламжийн кабель шугам, яндан сувагчлалын талаар тодорхой тусган заавар зөвлөлгөөг зурагт тэмдэглэн өгсөн боловч борооны ус зайлуулах шугамын хоолой суурилуулах явцдаа холбооны асбестоцементэн 100 мм-ийн диаметр бүхий яндангийн доод 2 үе 4 эгнээ нийт 8 янданг  хагалан, дээд үеийн 2 ш янданг үзүүртэй зүйлээр цоолж, ТГ400x2x0.4 кабелийг язлан гэмтээж, тус компанид мэдэгдэлгүй нууснаар бороо ороход тухайн яндангийн гэмтэл болон кабелийн бүрээс гэмтсэн хэсгээр  ус орж гэмтсэнээс 50 гаруй хэрэглэгчийн шугам ажиллагаагүй болсон. Экспресс зам компани ажил гүйцэтгэхдээ  хянагдаж батлагдсан зургийг  угсралтын ажлын талбай дээр ашиглаагүй,  газар доор байрласан  шугам  сүлжээг угсралтын  явцад ил гаргаж хадгалалт хамгаалалтгүй орхисон, харилцаа холбооны хамгаалалтын  зурвас газарт байгаль орчныг нөхөн сэргээх,  засан тохижуулах арга хэмжээ аваагүй, тус газрын  хяналтын  инженерийн  тавьсан шаардлагыг биелүүлээгүй. Дээрх  гэмтлийг засаж  хэвийн байдалд  оруулахад  8 инженер техникийн  ажилтан ажиллаж 8.065.000 төгрөгийн зардал гаргасан. Иймд уг хохирлыг Экспресс зам ХХК-с гаргуулж өгнө үү.  Нийслэлийн авто замын газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан гэв.

Хариуцагч түүний төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани  НАЗГ-тай 2010.7.23-ний өдөр Самбуугийн гудамжны 1.8 км замын өргөтгөл шинэчлэлтийн барилгын ажлын гэрээ байгуулж авто замын ногоон байгууламжид борооны ус зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэсэн.  2010.8.12-ний өдөр ажлын зурагт заасан шугамын дагуу газар ухаж борооны ус зайлуулах хоолой суулгах ажлыг эхлүүлсэн ба  уг ажлыг гүйцэтгэх явцад холбооны яндан, сувагчлал ил  гарсан нь үнэн.  Гэвч тус компани ажил гүйцэтгэхдээ  дээрх яндан сувагчлалд ямар нэгэн гэмтэл учруулаагүй.  Тухайн өдөр уг ажлыг хийж дуусгах боломжгүй байсан тул маргааш нь үргэлжлүүлэхээр болсон. Гэтэл 13-ний өдөр их хэмжээний хүчтэй аадар бороо орсон ба  байгалийн энэхүү давагдашгүй хүчин зүйл ажлын  гүйцэтгэлд нөлөөлсөн.  Энэ үед тус яндан сувагчлал ил гарсан хэвээр байсан бөгөөд уг эд зүйл муудаж хуучирсан байсан тул борооны усанд чийг авч гэмтэл учирсан байх боломжтой. Түүнээс ямар нэгэн  механик үйлдлээс ялангуяа тус байгууллагын зүгээс цоолж гэмтээсэн үйлдэл хийгээгүй болно. Ажлын явцад шугам хоолой  ил  гарсан  байхыг нэхэмжлэгч байгууллагын ажилтнууд  мэдэж байсан бөгөөд түүнийг ил байлгаж болохгүй талаар ямар нэг анхааруулга сануулга өгөөгүй тул  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанд гэрч П.Гэрэлтцэцэгийн мэдүүлгийг сонсов.

 Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч  Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК нь хариуцагч Экспресс зам ХХК, НАЗГ-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад НАЗГ-т холбогдох  шаардлагаасаа татгалзсан болно.

Нэхэмжлэлийн шаардлагын заримыг  хангах үндэстэй.

1.Нэхэмжлэгч нь холбооны кабель, яндан сувагчлалыг гэмтээснээс учирсан хохиролд 8.065.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч эс зөвшөөрч гэмтэл учруулаагүй гэж  маргажээ.

Экспресс зам ХХК нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Самбуугийн гудамжны 1.8 км авто замын өргөтгөл,  шинэчлэлтийн барилгын ажлыг хийж  гүйцэтгэхээр  НАЗГ-тай 2010.7.23-ний өдөр гэрээ байгуулж,  ажлаа 2010.8.5-ний өдөр  эхэлжээ.  Тус компани гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх явцдаа   авто  замын  тусгаарлах  ногоон байгууламжид борооны зайлуулах шугам сүлжээний угсралтын ажлыг гүйцэтгэсэн байна.  Уг ажлыг гүйцэтгэх  явцад  Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-ийн ЭАТС-32-ын хүрээний Р-А 9-42, Р-А 9-44 дугаар бүхий худгууд хооронд байрлах  асбестоцементэн 3 үе бүхий 4 эгнээ яндантай 12 ш сувагчлал бүхий кабель шугамын байгууламж  ил  гарч  улмаар  доод талын 2 үе дэх нөөц 8 ш, дээд талын үеийн 2 ш яндан цоорч,  ТПП 400x2x 0.4 маркийн кабель гэмтсэнээс 46 хэрэглэгчийн  телефон холбооны үйлчилгээнд саатал гарсан нь зохигчидын тайлбар,  гэрчийн мэдүүлэг, Экспресс зам ХХК, НАЗГ-ын хооронд 2010.7.23-ний өдөр байгуулсан ¹АЗБ/ӨХ/2010/171/07 тоот гэрээ,  барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрөл,  кабель  шугамын байгууламжинд гадны нөлөөгөөр  гарсан  гэмтлийн  08/02 дугаар акт,  тус гудамжны авто замын өргөтгөлийн  ажлын  техникийн нөхцөл,  НМХГ-ын улсын байцаагчийн 2010.12.1-ний өдрийн 07-187/4111 дугаар дүгнэлт,  кабелийн  байгууламжид  хийсэн  засварын   ажлыг  хүлээн  авсан  актаар тогтоогдож байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1., 29 дүгээр зүйлийн 29.4.-т зааснаар Монгол улсын газрын нэгдмэл сангаас холбооны  сүлжээнд зориулан олгосон  кабелийн шугамаас тал бүртээ 5 метр зайг харилцаа холбооны хамгаалалтын зурвас газар гэх  бөгөөд  уг зурвас газарт ажил гүйцэтгэх бол үйлчлэгчээс урьдчилан зөвшөөрөл авна гэжээ. Мөн  Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-т... харилцаа, холбооны шугам сүлжээ  нь инженерийн дэд бүтцэд  хамаарна  гэж заасан ба хот байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгж,  байгууллага нь мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2.-т зааснаар барилга, байгууламж барихдаа эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх үүрэгтэй болно.

 НАЗГ нь Самбуугийн гудамжны замын өргөтгөл шинэчлэлийн ажлын холбооны шугам сүлжээний 2007/1 тоот техникийн нөхцлийг МХС ТӨК-с 2007.1.2-ний өдөр авсан  ба  уг техникийн нөхцөлд өөрчлөлт ороогүй болохыг тус компани  2010.5.20-ний өдрийн 1/538 тоот албан бичгээр  мэдэгджээ.  Дээрх техникийн  нөхцлийн 5.4-т "угсралтын газар шорооны ажил эхлэхийн өмнө хотын инженерийн шугам сүлжээний техникийн ашиглалт хариуцдаг мэргэжлийн байгууллагуудад трасын зургийг хянуулан зөвшөөрөлцсөн байх",  5.5-т "кабель шугамын угсралт болон газар шорооны ажлыг эхлэхдээ ХБАГ-ын харьяалагдах тухайн шугам кабелийн нэгжийн ахлах инженерээс албан ёсны зөвшөөрлийг авсан байх", 6.1-т "эдэлбэр газарт суурилагдсан холбооны сувагчлал болон кабелийг гадны механик гэмтлээс хамгаална" гэж заажээ.  Экспресс  зам  ХХК  нь авто  замын  тусгаарлах  ногоон байгууламжид борооны зайлуулах шугам сүлжээний угсралтын ажил гүйцэтгэхдээ  трассын  зургийг  дээрх хууль болон техникийн нөхцөлд заасны дагуу Мэдээлэл  холбооны  сүлжээ ТӨК-д хянуулж,  эрх  бүхий  этгээдээс  зөвшөөрөл аваагүй,  ажил  гүйцэтгэх  явцад ил гаргасан холбооны шугам сүлжээг хамгаалах арга хэмжээ аваагүй гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, улсын байцаагчийн дүгнэлтийг  хариуцагч үгүйсгэж чадахгүй байна.

Харилцаа холбооны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.-т "харилцаа холбооны хууль тогтоомж зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хууль тогтоомжид заасны дагуу гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ", Хот байгуулалтын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-т "барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажил гүйцэтгэх явцад учруулсан хохирлыг тухайн үйл ажиллагааг гүйцэтгэсэн этгээд холбогдох хууль тогтоомжийн дагуу нөхөн төлнө" гэж заажээ. Иймд хариуцагч нь ажил гүйцэтгэх явцдаа холбооны  шугам сүлжээнд гэмтэл учруулсанаас үүссэн  хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй.

2.Самбуугийн гудамжны засварын ажлын явцад гэмтсэн холбооны сувагчлал, кабелийг  сэргээн засварлах ажлын төсөв, засварын ажлыг хүлээн авсан акт,  шаардах хуудас, жолоочийн тооцооны болон бензин талон олгох хуудас зэрэг баримтаас үзэхэд гэмтсэн 8 ш яндан, кабелийг засварлахад  ТПП 400x2x0.5 маркийн 305 м кабель,  25x2 багтаамжийн  32 ш модуль,  AVSM 92/30 маркийн  2 ш муфт  хэрэглэж,  гол сувагчлалын 3 метр янданг сольж,  уг ажлыг гүйцэтгэхэд 20000 төгрөгийн шатахуун зарцуулжээ.  Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1.-т  бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх  /адил нэр,  төрөл,  чанарын  эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэжээ.  Иймд дээрх  эд  хөрөнгийг  засварлахад  зарцуулсан  зардлыг  хохирлын акт болон Мэдээлэл холбооны сүлжээ компани болон Мон кабель ХХК-ий хооронд байгуулсан Холбооны физик кабель, шилэн кабель, кабелийн муфт нийлүүлэх  гэрээнд заасан үнэ буюу  метр кабелийг 25.000,  1 ширхэг муфтийг 41.550,  янданг 22.000, модулийг  5000 төгрөгөөр  тооцож,  мөн  шатахууны зардалд зарцуулсан 20.000 төгрөгийг  нэмж нийт 7.954.100  төгрөгийн шаардлагыг хангах үндэстэй.  Нэхэмжлэгч ажиллах хүчний зардалд 64.000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй болно.

 ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.2., 116, 118 ДУГААР  ЗҮЙЛД  ЗААСНЫГ  УДИРДЛАГА  БОЛГОН ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хуулийн  497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-т заасныг  баримтлан  хариуцагч Экспресс зам ХХК-с  7.954.100  /долоон сая есөн зуун тавин дөрвөн мянга нэг зуун / төгрөг гаргуулж нэхэмжлэгч  Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д олгож, нэхэмжлэлээс 110.900 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх иухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан нэхэмжлэгч Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК нь Нийслэлийн авто замын газарт холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2.-т заасныг баримтлан  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 128.910  төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Экспресс зам ХХК-с улсын тэмдэгтийн  хураамжинд  127.357  төгрөг гаргуулж   Мэдээлэл  холбооны сүлжээ ТӨК-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч     шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах  гомдол гаргаж болохыг дурдсугай.

 ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                      Г.ЦАГААНЦООЖ

       ШҮҮГЧИД                                                 Ц.ТҮМЭНДЭЛГЭР

                                                                    Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

 
Шийдвэр, шийтгэх тогтоол
Шүүх, шүүхийн байгууллагатай холбоотой мэдээллийг хаанаас авдаг вэ?
 
mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр68
mod_vvisit_counterӨчигдөр200
mod_vvisit_counterЭнэ долоо хоног626
mod_vvisit_counterӨмнөх долоо хоног2609
mod_vvisit_counterЭнэ сар7549
mod_vvisit_counterӨмнөх сар5136
mod_vvisit_counterНийт156354
Одоогоор манай сайтад
Манайд 5 зочид онлайн